Санбэйсийн хүрээ

Сэцэн хан аймгийн Чин ачит вангийн хошууны гол хүрээ Санбэйсийн хүрээ нь одоогийн Дорнод аймгийн төв Чойбалсан хотын нутаг Түмэн-Өлзийт овоо хэмээх газарт байжээ. Анх 1821 онд Засаг бэйс Минжүүрдоржийн үед Түмэн-Өлзийт овооны энгэрт өдөр бүр Цогчин хурал, хоёр сар тутамд Сожин хурал, жил тутам Хайлан хурал хурах болсноос улбаалан уг хийдийн үүсэл тавигдаж, 1830 онд анхны дацан болох Цанид, 1832 онд Жүд дацанг байгуулжээ. Улмаар 1835 оноос жил бүр мянган зул асааж, их хурал үйлддэг заншилтай болсон байна. 1837 онд шунхаар бүтээсэн Ганжуур Данжуур хурж Ерөөл, Хангалын ном уншиж эхэлснээс хойш хурал номын дуган сүмүүд Түмэн-Өлзийт овооны өвөрт төвлөж, мөн онд Манж чин улсаас “Шашин ухаант” сүмийг шагнажээ.

Засаг бэйс Минжүүрдоржийн үед 1842 онд Манба дацан, 1844 онд “Шашин ухаант” сүмийн 4 зүгт Жамбаалин, Чойнхорлин, Намжиллин, Жамъянлин сүм байгуулсан.  1844 онд Түмэн-Өлзийт овооны өвөрт Цогчин хурал хурж Агва дацан, 1862 онд  Цанид буюу хурал номын дацан, 1865 онд “Сайн билгийг бадруулагч” сүмийг байгуулжээ. Засаг бэйс Цэрэндоржийн үед 1869 онд Дүйнхор дацан, Засаг бэйс Лхаваанрегзэнгийн үед 1878 онд “Сайн билгийг бадруулагч” сүмийн хоёр талд Дамбадаржаалин ба Сүндэвдаржаалин сүмүүдийг бариулсан.  1893 онд Тойсом дарваалин сүм байгуулж 1903 оноос Дүйнхорын цам, Мял богдын цам, 1915 оноос Чогорын цам, Ямандаг бурханы сачог зэрэг буддын шашны томоохон зан үйл хийдэг байжээ. Санбэйсийн хүрээ нь буддын гүн ухаан судалдаг Чойр, анагаах ухаанд суралцдаг Мамба, зурхайн ухаанд суралцдаг Дүйнхор, буддын нууц тарнийн ёсонг судалдаг Жүд гэх мэт 7 том дацантай, нийт 11 сүм, 10 гаруй том хурал хурдаг уламжлалтай, 1000 орчим ламтай байв.

Тус хийд нь эд хөрөнгө, эдийн засгийн хувьд чинээлэг хүрээ хийдийн тоонд орж байсан бөгөөд тэрхүү хөрөнгө нь ард түмний өргөл барьц, алба гувчуураас бүрдэж байжээ.  Түүний нэг тод жишээ нь зөвхөн 1898 онд тус хошууны ардаас хүрээний албанд бүгд 89770 шар цайны үнэ бүхий зүйл нийлүүлсэн байна. Тухайн үед энэ нь ард олны амьдралд хүнд байдлыг үүсгэн тэднийг эсэргүүцэхэд хүргэж байсан баримт бий. 

Санбэйсийн хүрээ нь Чуулалт хаалга, Хятад, Их хүрээний замын уулзварт оршиж байв. Аман мэдээнээс үзэхэд Сан бэйсийн хүрээнд Баруун урд аймаг, Баруун хойд аймаг, Зүүн урд аймаг, Зүүн хойд аймаг гэсэн 4 аймаг төлөөлөх дөрвөн дугантай байжээ. Хошуу хуралд 1000 лам, томоохон хуралд 700 – 800 лам, жижиг тусгай хуралд 400 - 500 лам оролцож ном хурдаг байсан нэлээд томоохон хийд байжээ.

Санбэйсийн хүрээг 1939 онд бүрэн нураасан байдаг. Хүрээнээс туурь үлдээгүй бөгөөд судалгаагаар айлын хашаатай залган 25х22 метр хэмжээтэй нэг дуган байсан ором  харагддаг байна. 1990 оноос нутгийн олны сүсгээр зарим нэг дуган, сүм, хурал номын үйл ажиллагааг нь сэргээгээд байна. Санбэйсийн хүрээ нь зүүн Монголын худалдаа, эдийн засаг, шашин номын томоохон төв байжээ. Эдүгээ Чойбалсан хот дахь Дорнод аймгийн музейд эртний Санбэйсийн хүрээний зураг хадгалагдаж байдаг.

Эх сурвалж: Дорнод аймгийн хураангуй түүх (А.Дамдинсүрэн 2001), Дорнодын болор толь (2006), Гонсын Гэндэндоржийн ярилцлага, 1996 (Өндөр настан. 1921 онд төрсөн)