Дөрвөлжингийн дурсгал

Архангай аймгийн Хотонт сумын нутагт байх “Хар балгас”-наас холгүй орших “Дөрвөлжин” хэмээх дурсгалыг Монгол-Хятадын хамтарсан судалгааны баг судлаад уйгар хүний булш болохыг тогтоосон.

Гадуураа сувгаар хүрээлэгдсэн, зүүн талдаа үүд бүхий дөрвөлжин хэлбэрийн намхан шавар хэрэмтэй, түүний дотор шатаасан тоосгоор барьсан хэд хэдэн барилгын туурь илэрсэн. Тэдгээр тууриудын ханыг шохойгоор өнгөлж элдэв будагаар зураглан чимэглэсэн байсан. Хэрмийн дотор, газрын гүнд тоосгон бунхан байгуулж нас барсан хүнийг оршуулсан байв. Бунханыг монгол гэр шиг бөмбөгөр хэлбэрээр байгуулж, хаалга үүдийг нь зүүн урд зүг рүү хандуулсан байв. Уйгартай холбоотой булш оршуулга харьцангуй цөөн судлагдсан боловч тэд түрэгчүүдийн адилаар морь дагалдуулан оршуулдаг.