Бөөнцагаан нуур

Баянхонгор аймгийн Баацагаан сумын хажууд орших Бөөнцагаан нуур нь Нууруудын хөндий дэх хамгийн том нуур юм. Нуурт Байдраг гол цутгана. 12-р сараас 4 сарын эцэс хүртэл хөлддөг. Нуурын урд хэсэг заган төгөл, түүний өмнө Говь-Алтайн нурууны уулс, нуурын хойт талаар Шалын хоолой зэрэг говирхог өргөн хөндий үргэлжилнэ. Нуурын зүүн талын зэгс, өндөр өвс арвинтай нууранд шувууд элбэг бөгөөд олноор үүрлэж өндөглөнө. Энэхүү нуур ба том нуур хоёрын хооронд нарийн хойг бий. Ган гачиг, хуурайшилтын нөлөөгөөр усны төвшин эрс багасаж эхэлсэн. Бөөнцагаан нуур нь Нууруудын хөндийн Рамсарын гэрээнд орсон байдаг.

Олон улсын Улаан номонд орсон борцгор хотон, хошуу галуу, усны нөмрөгбүргэд, реликт цахлай, жороо тоодгой, Азийн цууцил энд тогтмол үзэгдэнэ. Энэ нутаг Евразийн хээр ба цөлийн шувуудыг тэтгэнэ. Монгол ногтруу хэдэн зуун мянгаараа сүрэглэн нисэхийг энд харж болно. Монголын Улаан дансанд орсон цагаан зээр, хар сүүлтий таарна. Загаснаас нохой сугас, давжаа сугас бий. Нуурын хөвөө, Байдраг голын адгаар шар зээргэнэ, чихэр өвсний өтгөн ширэнгэтэй ба сүүлийн жилүүдэд эмх замбараагүй түүж олзворлосны улмаас эрс ховордож байна.

Эх сурвалж: ШУА, Улаан ном