Буурлын агуй

Баян-Адарга сумын төвөөс хойш 42 км зайд Адарга багийн нутагт Буурал хайрханы баруун урд бэлд оршдог. Байгалийн өвөрмөц тогтоцтой агуй нь Дунд Буурал хайрханы баруун урд энгэрт хавчуу аманд байдаг ба агуйн үүд нь 3 метр өргөн, 2 метр урттай, дотор нь ороход 5х6 метр харьцаатай. Баруун, зүүн талд нь салбарласан дээрхитэй адил хэмжээний нуувч бүхий агуй байдаг. Эхний нуувчнаас дээш өгссөн замаар явахад уг агуйн орой нь цоорхой байдаг бөгөөд дотор талдаа халуун зун ороход мөстэй, хүн даарахаар сэрүүхэн байдаг байна.

Агуйн баруун доод талд 50 орчим метрийн зайд тэмдэгт тавьж хамгаалалтад авсан. 2014 онд сумын ИТХ-ын тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан. Дотроо 120 орчим хүн багтах зайтай. Агуйн адраас нарны гэрэл тусаж орж ирдэг цонхтой. Агуйн хананы дотор талд “Ум мани бадми хум” хэмээх Жанрайсиг бурханы зүрхэн тарнийг томоор сийлсэн байдгаас үзэхэд энэ орчинд лам нар даяан хийж бясалгадаг байсан шинжтэй. Дотор байх овоо, оройд байх овоонд ч адилхан, хадаг яндар бараг байхгүй, харин дээлийн торгонууд өргөсөн байдаг.