Сангийн далай хийд (Өмнөговь)

Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт 1707 онд Тал хүйтний хөндий хэмээх газарт байгуулагджээ. Түвдээс ирсэн бадарчин лам Үйзэн Саарав нэгэн булгийн дэргэд буудаллаж сан тавьж, ардхан талд нь жижиг шавар байшин бариулснаар эхлэл нь тавигджээ. 1708 оноос лам хувраг сууж эхлэн 1772 онд цогчин дуган барьж, Энх-Амгалангийн хаалга хийлгэж “Рашчойнхор дамбадаржаалин” хийд хэмээн нэрийдэх болжээ. 1835 оноос үйл ажиллагаа нь улам өргөжин Дүйнхорын дуган, Хайлан дуган, Жүдийн дуган, Сахиусны дуган, Гүүргийн дуган зэргийг барьж, ном судар барлаж хэвлэх, мамба жүд зэрэг төрөлжсөн сургалтын дацангууд байгуулжээ.

Сангийн далай хийд нь хааш хаашаа 98 метр орчим хэрмэн хашаатай,  500 гаруй лам хуврагтай, 11 дуган сүмтэй, 8 дацан, 10 жастай, 11 мянган малтай, 1500 гаруй сүсэгтэн шавьтай болтлоо өргөжсөн байжээ. Тус хийдийн байрласан Тал хүйтний хөндий нь эр хүний хэрэглэл болох “хэт”-ний хэлбэртэй бөгөөд хийдийн барилга байгууламжинд Хилийн цэргийн 8 дугаар отряд байрлаж өмнөд хилийг хамгаалж байжээ. 1937 оны хэлмэгдүүлэлтийн хар шуурганы үеэр тус хийдийн барилга байгууламжийг төдийлөн хөндөлгүйгээр авч үлдсэн нь өнөө хүртэл өвлөгдөж иржээ. 2003 оноос хойш зарим барилгын эвдрэл гэмтэлийг сэргээж 2007 онд дуусгажээ.