Чин толгойн балгас

УБ хотоос баруун тийш 200 км, Булган аймгийн Дашинчилэн сумын төвөөс зүүн тийш 16 км зайд 1260 х 680м талбайтай, тэгш өнцөгт хэлбэртэй эртний хотын туурь оршдог. Чин хайрхан хэмээн дээдэлдэг жижиг толгойн өвөрт байдаг ба Чин толгой дээрхи харуулын цонж, хэрмийн туурь, хэрмийн гадна оршин сууж байсан иргэдийн гэрийн буйр зэргээс бүрддэг. Хэрмийн баруун хойно харуулын цонжийг боржин болон хар саарал цахиурлаг чулуугаар босгосон байх бөгөөд одоогийн байгаа өндөр нь 10 метр юм. Энэ өндөрлөгөөс тал тийшээ 20-30 км газрыг бараалан харах боломжтой.

Энд эртний гэрэлт хөшөөний суурь бүхий хоёр том чулуун мэлхий бий. Хэд хэдэн дээврийн ваар олдсон нь хятан бичигтэй байжээ. Чин толгойн хэрмийн эргэн тойрноос 1000 орчим айлын зуухны үлдэц илрүүлсэн. Судлаачид түүхийн сурвалж бичгийн мэдээнд тулгуурлан тус балгасыг Киданы Чжэнь-Чжоу хотын үлдэгдэл гэж үзсэн. Чжэнь – Чжоу хотын хамт бас хоёр хот дараалуулан барьсан гэж Ляо улсын газарзүйн бичигт өгүүлсэн байдаг. Тэдгээр нь Чин толгойн баруунтаа орших “Хадаасангийн балгас” буюу “Хар бухын балгас”, зүүнтээ орших “Талын улаан балгас” юм. XIII зууны үед Монгол газраар дайран өнгөрсөн хятад лам Чань Чун Бумба энэ балгасыг Чжэнь Чжоу хотын үлдэгдэл болохыг нотолж бичсэн байдаг бөгөөд Туул голоос баруун тийш явахад Киданы эвдэрхий гурван хот тааралдаж байсныг тэмдэглэжээ. Эдгээр нь нэгэн цаг үеийн хотууд болохыг судлаачид тогтоосон. Сударт тэмдэглэснээр Чжэнь Чжоу хотод Киданы баруун хойд аймгийн 20 мянга гаруй цэрэг сууж байснаас гадна Хятад, Зүрчидийн 700 гаруй өрхийг цөлөн суулгаж байсан мэдээ бий. Чин толгойн балгасыг анх Уйгарын үед байгуулж эхэлсэн бөгөөд түүнийг Кидан гүрний үед үргэлжлүүлэн тэлсэн гэж үздэг.  Хожим XYII зууны үед Цогт хунтайжийн цэргийн хүрээ, түүний харуулын индэр байжээ.

Хэрмийг нь хөрзөнгөөр барьсан нь уран барилгын хувьд сонирхолтой шийдэл болдог. Харин харуулын овоог уулнаас чулуу зөөж, сууриараа 40 метр голчтой, өндөр нь 30-аад метр байхаар барьж байгуулсан.

1890 оны үед Монголоор аялан явсан Оросын жуулчин А.Позднеев Чин толгойн балгасыг үзэж түүний хэмжээ, хэлбэр хийцийн талаар товч мэдээллийг хүргэсэн байдаг. Хойноос урагш сунаж тогтсон, нар сайн тусаж байхаар барьж байгуулсан зохиомжоор шороо дагтаршуулан барьсан. Хэрмийн хойд талын шороон даланд 6, өмнө талд 6, баруун ба зүүн талын шороон даланд тус бүр 10 харуулын цамхаг байгуулсан. Тэдгээрийг балгасын 4 өнцөгт байгаатай нь нийлүүлж тоолбол нийт 36 цонжтой. Шороон далангийн өндөр 3-5 метр, өргөн нь сууриараа 35 метр хүртэл хэмжээтэй. Хэрмийн гадуур тойруулан ухаж хийсэн 0.5м өндөр, 3-4м өргөн шуудуун хамгаалалттай.

Чин толгойн балгас нийт 5 хаалгатай, үүнээс зүүн талд 2, баруун талд 2, харин нэг хаалга нь хэрмийн өмнөд хэсэгт байдаг. Хаалга тус бүр гурван талаасаа хаагдсан Г хэлбэрийн шавар хэрэмтэй. Хаалганы хэмжээ дунджаар 45х45 метр. Балгасын дундуур зүүнээс баруун тийш хамарлаж татсан нэг далантай бөгөөд тэр далангаар хэрэм нь хойд ба өмнөд хэсэгт хуваагдана.

Хэрэмт балгасын хойд болон өмнө талын хэсэгт баруун, зүүн хоёр талын чих бүхий хаалгыг холбосон 640м урт, 28м өргөн гудамж тус тус нэг бий. Хойд хэсгээс урд хэсэг рүү чиглэсэн 500м урт, 38м өргөн босоо гудамж бий. Түүнээс гадна балгасны хойд хэсгээс өмнөд хэсгийн гол хаалга руу нэвт гарсан урт гудамж бас байдаг. Энэхүү урт гол гудамж болон дотоод далан хоёрын огтлолцол дээр П хэлбэрийн бэхлэлт байгуулсан нь мэдэгддэг бөгөөд энэ нь хаалгыг хамгаалах зориулалттай.

Балгасны дотор олон тооны янз бүрийн хэлбэр, хэмжээ, өндөртэй шороон овгорууд тааралдана. Тэдгээрийн гадаргуу дээр барилгын үлдэгдлүүд, дээврийн болон сав суулга, ваарны хагархайнууд олдсон. Балгас доторхи хотгор гүдгэрүүд нь тусгай барилга, байгууламжууд бөгөөд тэдгээр барилгын тууриуд нь тусгай далангуудаар бие биеэсээ тусгаарлагддаг байжээ. Мөн барилга байгууламжийн ихэнх нь балгасын хойд хэсэгт төвлөрч байсныг харуулдаг. Уг Чин толгойн балгасын он цагийг IX – XI зуун буюу Хятаны үед холбогдуулан авч үзсэн бөгөөд 1998 онд улсын хамгаалалтанд авсан. 

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах