Тамсагийн хийдийн туурь

Сэцэн хан аймаг буюу одоогийн Дорнод аймгийн Халхгол сумын нутагт 1794 онд байгуулагдсан 1000 орчим ламтай хийд байв. Сүүлчийн Да лам нь өвгөн цорж Галсаннамжил гэдэг хүн байв. Тамсагийн хийдийг 1915 онд харчин цэрэг сүйтгэснээс хойш 1931 он хүртэл Чойнхортэгчинлэн ба Соёлыг бадруулагч хэмээх хоёр сүм нь гэр дуган хэлбэрээр Хунт хэмээх газарт Памьджугнайлин хийдийн дэргэд байв. 1935 онд хил орчмоор түгшүүртэй болоход уг хийдийг Тамсагийн хийдтэй хамт Матад сумын нутаг дахь Зуухт хэмээх газар руу шилжүүлсэн байна. Тэнд очоод 3 жилийн дараа 1938 онд уг хийдийг тараажээ. Да лам нь хийд тарахын өмнөхөн нас баржээ. Зүүн хязгаар нутгийн сэцэн мэргэн ван Тогтохтөрийн санаачилгаар Тамсагт “Нанхай Будда”, “Чойнхортэгчинлэн” буюу “Хамгийг хамгаалагч” сүм, Утай уул, Соёлыг бадруулагч сүмүүд байгуулагдаж байжээ.