Наран даац

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт, Говь гурван сайхан Байгалийн цогцолборт газрын бүсэд хамааран оршдог. Аймгийн төвөөс баруун тийш 400 орчим км, Гурвантэс сумаас баруун хойш 96 км орчим зайд Тост уулын ар хоолойд орших байгалийн үзэсгэлэн төгөлдөр нутаг бөгөөд хайлаас, тоорой, сухай бүхий баянбүрд юм. Говь цөлд тохиолддог үржил шимт хөрс бүхий өвс ургамал нь жигдэрсэн, цэнгэг уст булаг шанд ундарсан хэсэгхэн нутгийг баянбүрд гэдэг. Наран даац нь энэ хавь нутгийнхаа ундны цэвэр усны гол нөөц газар болдог.

Наран даацын эргэн тойронд байх шавар цав, цонжууд нь палеонтологийн ховор олдвор бүхий хэдэн арван сая жилийн өмнөх дээд цэрдийн үеийн хурдас бөгөөд өнөөг хүртэл олон төрлийн үлэг гүрвэл, эртний амьтан ургамлын үлдэгдлүүд судлагдсаар байна. Энэ хавийн газраас Теризинозавр, зауролоф, тарбозавр, эвэрт үлэг гүрвэл, пинакозавр гэх мэт үлэг гүрвэлийн яс олдсон нь Монголын палеонтологийн олдворын үнэт дурсгалд тооцогддог.

Наран даацын булаг шандыг дагаж эргэн тойронд нь Сибирь хармаг (Nitraria sibirica, Pall), Улаан гоёо  (Cynomoriom soongaricum Rupr), Бажууна - Намхан гишүүнэ (Rheum nanum Sievers), Хулангийн ундаа (Zypophyllum Potanini  Maxim), Аргалийн ундаа – Потанины хотир (Zygophyllum Potaninii), Максимийн гялгар дэрс (Avhnatherum splendens Nevski), Ширэг (Carex duriuscula) зэрэг ургамал ургадаг.

Наран даац нь аймгийн төв Даланзадгад хот, Хонгорын элснээс говийн баруун бүс нутаг руу аялах, улмаар баруун тийш Хэрмэн цав, Зулганай, Шаригийн ганга, Тосонбумбын нуруу, баруун хойш Баянхонгор, Говь-Алтай аймаг руу аялах алсын зайн аяллуудын гол түшиц газар болдог. Мөн гадаад, дотоодын үлэг гүрвэл судлаачид, сонирхогчдын аяллын баг ирж байрладаг гол газрын нэг.

Наран даацаас чанх хойш 30 км зайд Алтан уул байдаг бөгөөд уулын өвөр хонгилууд нь үлэг гүрвэлийн олдвор бүхий нутаг болдог. Алтан уулын баруун хойно орших Торомхоны булгийн орчинд алтны орд байдаг бөгөөд МАК олборлолт хийдэг. Говь гурван сайхан - Байгалийн цогцолборт газрын хилийн цэсийг анх тогтоох үед энэ орчныг улсын тусгай хамгаалалтанд оруулалгүй үлдээснээс ийнхүү уул уурхайн үйл ажиллагаа явагдах нөхцөл бүрджээ.

Наран даацын орчинд жуулчны бааз байхгүй бөгөөд аялагч, судлаачид хээрийн майхант отог байгуулж буудалладаг. Булаг шандны ширэг дагуу өглөө, оройд шумуул ихтэй тул алсалж буух нь зөв болно.