Тавь зуу (50° ба 100°) огтлолцол цэг

Дэлхий дээр 50° ба 100° огтлолцол цэг таарсан 4 газар байдгийн хоёр нь Атлантын далайд таардаг бол нөгөө 2 цэг нь хуурай газарт байдаг. Гурав дахь нь Канадын нутагт хурдны зам дээр таардаг бол 4 дэх нь Монгол оронд, тэр дундаа Хөвсгөл аймгийн нутагт давхацдаг байна.

Хойд өргөрөгийн 50 градус, зүүн уртрагийн 100 градусын огтлолцол Мөрөн хотоос баруун хойш 30км зайтай бөгөөд Алаг-Эрдэнэ сумын нутагт Эрхэл нуурын хөндийд, Эрдэнэхайрханы өвөрт тохирч байгаа бөгөөд тэнд “энергийн урсгал” байгааг Монгол-Японы эрдэмтэд тогтоожээ.

Дэлхий дээрх бусад огтлолцол цэгүүд дээр хүн саатах боломжгүй бол Монголын нутаг дахь цэг дээр хүмүүс ирэх боломжтой гэдгээрээ давуу талтай.  Аялагчид Хөвсгөл нуур руу явах замд дайран очиж энерги авч хийморь сүлдээ сэргээдэг болсон байна. Аливаа хүн хэрэгтэй энергийнхээ 20-25%-ийг хоол унднаасаа үлдсэн хэсгийг нойр, газар ус, сансар огторгуй, гал, салхинаас авдаг байна.

Монголчууд эртнээс нааш байгаль дэлхийгээс энерги авч ирсэн ард түмэн билээ. Энергийн төвийн дэргэд сүү өргөх тогоо, сүү дусаах дөрөө, дэлхийн бөмбөрцөг, цацал зэргийг байрлуулсан ба бага багаар аялагч жуулчдын тав тухыг хангах тохижилтыг хийж байгаа ажээ.