Идэр гол

Завхан аймгийн Идэр сумын нутагт Хангайн нурууны “Өндөр Өлзийт” хэмээх уулын араас эх авч, Завхан аймгийн Идэр, Тосонцэнгэл, Их-Уул сум, Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт, Төмөрбулаг, Рашаант, Архангай аймгийн Цэцэрлэг сум гэх мэт 10-аад сумын нутгаар дайран урсдаг. Хангайн нурууны ар хажуу буюу Бага Отгонтэнгэр уулын 2700 метр өндрөөс эх авч Булнай, Тарвагатай нурууны хоорондуур давчуу хөндийгөөр урсана. Тус гол нь 452 км урсаад Дэлгэр мөрөнтэй нийлж Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Ай савын талбай 24555 км.кв, Тосонцэнгэл орчимд олон салаа татуурга үүсгэнэ. Голын үндсэн өргөн 40-60 метр, салаа татуургын өргөн нь 10-15км орчим болно. Усны гүн нь 0.7-2 метр, цээл цүнхээл хэсэгтээ 3.5 метр гүн. Идэр гол нь уулын голын шинжтэй түргэн урсгалт гол бөгөөд урсгалын хурд нь 1.5-2м/сек. Идэр голд Чулуут, Хожуул, Зарт, Дээд ба Доод Цэцүүх, Хөнжил гэх мэт 30 гаруй гол горхи цутгадгаас хамгийн том нь Чулуут гол юм. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Тосонцэнгэл, Рашаант сумдын зааг “Олон голын бэлчир” хэмээх газраар Дэлгэр мөрөнтэй нийлж “Сэлэнгэ мөрөн”-ийг үүсгэдэг. Идэр гол нь Дэлгэр, Сэлэнгэ, Ангар, Енисей мөрний эх болдог бөгөөд Хойд мөсөн далайд цутгадаг. Идэр голын усан сүлжээ нь уртаараа Хойд мөсөн далайн савд нэгдүгээрт, дэлхийд тавдугаарт ордог юм. 10-р сарын дундаас 4-р сарын эх хүртэл 170-180 хоног мөсөн бүрхүүлтэй байдаг. Сэлэнгийн савд байдаг загас элбэгтэй. Идэрийн гол нь ямар ч ганд автаж үзээгүй их уст элбэг баян мөрөн тул нутгийнхан нь "Идэр ижий" хэмээн хүндэтгэн шүтдэг.