Булжихын голын буган хөшөө

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын төвөөс баруун урагш 25 км-т Булжихын голын орчимд нутгийнхны "Чингисийн гурван тулга" гэж нэрлэдэг хоорондоо 2- 20 метр зайтай орших гурван ширхэг буган чулуун хөшөө буй. Засаж янзлаагүй хүрмэн болон боржин чулуун дунджаар 50см өндөр, 30см орчим өргөн, жижиг хэмжээтэй эдгээр хөшөөнд бугыг буган хөшөөнд байдаг сонгодог хэлбэрээр дүрсэлсэн байх ба зэр зэвсэг болон бусад зүйлсийг дүрсэлсэнгүй. Эдгээр хөшөөний чулуунд хаг ургаж, хуурч гэмтсэн тул дүрслэл сайн мэдэгдэхгүй бүдгэрч мөн газар гүн зоогдсон тул хөшөөний жинхэнэ урт болон доод хэсгийн дүрслэл мэдэгдэхгүй болжээ. Үндсэндээ эдгээр хөшөө нь монгол нутагт байдаг нийтлэг дүрслэлтэй буган чулуун хөшөөдийн адил юм.