Баянцагааны хөндийн буган хөшөө

Архангай аймгийн Их тамир сумын Бугат багийн нутаг Баянцагааны голын хөндийн зүүн биенд хэсэг булшны дунд уг хөшөөний орой цухуйж байсныг малтахад 4м өндөр, 51см өргөн, 41см зузаан хэмжээтэй эвдэж сүйдээгүй, эрт цагт унасан буган хөшөө олджээ.  Эл хөшөө булаастай байсан тул урьд өмнө хөндөгдөөгүй болох нь тодорхой байдаг. Хөшөөний нүүрэн талын дээд хэсэгт том, жижиг хоёр цагираг (нар, cap) түүний доогуур хөшөөг тойруулан нэгэн эгнээ олон хонхор гаргаж хөшөөний дунд хэсгээр ороолгон долоон бугыг загварчлан дүрсэлжээ. Бугануудын доогуур хөшөөг тойруулан 38см өргөн бүс хонхойлон цохиж гаргаад бүснээс дүүжилсэн байдалтай нум сум, саадаг, байлдааны зээтүү мэт зэвсэг (түүн дээр долоо ба 31 дөрвөлжин хонхор гаргаж), чинжаал хутга, бамбай зэргийг зурсан байдаг. Бүснээс доош дөрвөн морь цохиж дүрсэлсэн байв. Эл хөшөө эдүгээ Цэцэрлэг хотын ОНС музейд хадгалагдаж байна.