Тольжгийн боомын хадны зураг

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг, Шишхид голын цутгал Сэрүүн хөгийн голын хойд эрэгт Тольжгийн боом нэртэй нэгэн элгэн хүрэн хад бий. Уг хаднаа улаан зосоор зурсан гурван хэсэг зурагтай. Баруун талын эхний хэсгийн зурагнууд ихээхэн бүдгэрсэн байдалтай бөгөөд ерөнхийдөө дөрвөн төрлийн зураг байна. Төв хэсэгт нь 22x20 см-ийн хэмжээтэй дөрвөлжин хүрээ татаж уг хүрээн дотор 8 эгнээ 4 мөр бүгд 32 цэг зуржээ. Хүрээний баруун гар талын дээд өнцөгт 10x9 см-ийн хэмжээтэй бас нэг жижиг дөрвөлжин хүрээ зурж түүний дотор мөн 3 эгнээ 12 цэг дүрсэлжээ. Эдгээр хүрээнүүдийн зүүн гар талын дээд талд далавчаа дэлгэсэн шувууны /бүргэд/ дүрс, баруун дээд талд 10см орчим зүрхэн хэлбэрийн тамга, доод талд 7.5см голчтой дугуй хүрээтэй тамга дүрсэлжээ.

Дараагийн хэсэг зурагт мөн улаан зосон цэг бүхий дөрвөлжин хүрээ дүрсэлжээ. Хад чулуу нь ихэд элэгдэж эмтэрсэн учир ихэнх зургийн шинж байдлыг тодорхойлоход нэлээд төвөгтэй ажээ. Хүрээний дээд талаар мөн олон тооны цэг зуржээ. Хүрээн дотор морьтой хүн, гөрөөс зурж. Түүний доор 27x15 см дөрвөлжин хүрээнд олон цэг дүрсэлжээ. Тэрхүү хүрээн дотор хүний тойм төдий дүрс зуржээ.

Дээрх зургуудын хажууд мөн л цэг бүхий (13.5x16.5 см хэмжээтэй) хүрээ зурсан байх авч ихэнх хэсэг нь бүдгэрчээ. Баруун гар талд хүний тойм төдий хоёр дүрс зурсан байв. Гурав дахь хэсэг зурагт дундаа цэгтэй 5.5 см голчтой дугуй хүрээ татсан тамга дүрсэлжээ.