Их Алагийн хадны зураг

Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт орших Их Алагийн хадны зургийг анх 1925 онд Г.И.Боровкагийн экспедиц олж, улмаар 1960 онд археологич Н.Сэр-Оджав, Д.Дорж, А.П.Окладников нар дахин нягтлан судалжээ. Их Алагийн хадны зураг нь он цагийн хувьд хүрэл зэвсгийн үед холбогдоно. Бүх зургийг хонхойлон цоолборлож урласан байх бөгөөд эхний бүлэг зурагт дугуй гогцоо, “Н” үсэг маягийн хоёр тамга, баруун талд нь харайж яваа янгир, түүний ард загварчилсан нэгэн дүрс, түүнээс баруунаа толгойг нь өөд өөдөөс нь хандуулсан янгир бугын дүрс буй.
 
Хоёр дахь бүлэг зурагт янгирын зураг голлох бөгөөд тэдгээрийг янз бүрийн хэлбэр хэмжээ хөдөлгөөнтэйгээр дүрсэлжээ. Эдгээрээс гадна хоёр бөхтэй тэмээ, загварчилсан бусад амьтад, аргаль, буга, нохой, зээр зэргээс гадна зарим нэг урт зураас, тамга тэмдэг, цэг зэргийг зурсан. Зарим амьтдыг дүрслэхдээ загварчлах аргыг хэрэглэсэн нь чухам ямар амьтан зурагдсаныг тодруулахад төвөгтэй ажээ.
 
Гурав дахь бүлэг зурагт олон бугын дүрс бий. Ихэнх бугын эврийг буган чулуун хөшөөн дээрх дүрслэлийн адил урласан. Бүгдийнх нь толгойг баруун зүг хандуулсан, баруун талын харайж яваа хоёр янгирын нэг нь урт биетэй, мөн толгойн хэсэг харагдахгүй том буга дүрслэл бий. Зүүн талд нь хүний тойм төдий дүрс, доод талд нь бариул маягийн гогцоо байна.
 
Дөрөв дэх бүлэг зурагт хүзүүгээ гэдийлгэн баруун тийш харсан янгир, толгойгоо тонгойлгосон урт биет нэгэн амьтан, доор нь нэг янгир, бие биенийх нь дээр доор дүрсэлсэн гурван буга, тамга хэлбэрийн дүрснүүд, зүүн талд нь хоёр, баруун талд нь хөндлөн дөрвөн амьтан, мөн бие биен дээр нь давхцуулан зурсан олон янзын амьтад, гараа доош буулгасан жижигхэн хүн, сууж буй харваач, зүүн талд нь дүүлж буй янгир, дээд талд нь баруун тийш харсан хоёр буга, өнцөг үүсгэсэн хоёр нарийн зураас, “П” үсэг адил тэмдэг, уг тэмдэг хооронд толгойгоо тонгойлгосон хоёр амьтан, хагас бие нь байхгүй янгир, аргаль олон янзын дүрс бүхий хэсэг зураг, нэгнийх нь бөгсөн бие нөгөөгийнх нь хушуу гүйцэд гараагүй дээр доор байрлалтай хоёр буга, зүүн тийш харсан загварчлан урласан буга, эрэгтэй хүний тойм, тамга хэлбэртэй дүрс, буга, бух бүхий хэсэг зураг, түүнээс баруунтаа гурван янгир, нэгэн том амьтан, доор нь загварчилсан буга гэх мэтээр цохиж цоолборлож дүрсэлжээ.
 
Тав дахь бүлэг зураг баруун тийш харсан урт хүзүү, том эвэртэй янгир, мөн баруун тийш харсан хоёр бөхтэй, урт хүзүүтэй тэмээ, дээр дээрээс нь давхардуулсан хэсэг зураг, түүнчлэн сүүлээ модойлгосон том эвэртэй нэг янгирын зураг бий. Сүүлд зурагдсан янгирын эр хүйсийг тодорхой дүрсэлсэн.