Оцон мааньтын чулуун зэвсгийн суурин

Өмнөговь аймгийн хамгийн урд зах, Монгол улсын хилийн ойролцоо орших Оцон Мааньтын чулуун зэвсгийн сууринг 1960, 1962, 1967 онд Монгол-Зөвлөлтийн судлаачид анх олж судалж шинжилсэн юм. Оцон Мааньтын чулуун зэвсгийн эдлэлүүдийг хар саарал өнгийн чулуугаар хийжээ. Заримаас нь танилцуулахад: 
  • 8.9х11х2см хэмжээтэй ирлэсэн ялтас. Нүүрэн талын бүх хажуу ирмэгээс жижиг залтас холтлон засаад, ирмэгийг эргэн тойрон жигд ирлэжээ. Эдлэлийн ар талд цохилтоос тогтсон том товгортой бөгөөд хөндлөн огтлол нь ялимгүй бөгтөр тахир юм. Зэвсгийг юм огтлох зориулалтаар ашиглах бүрэн боломжтой.
  • Дугуй хэлбэрийн хусуур зэвсэг: 6.5х5.1х1.7см хэмжээтэй хайрган чулуугаар хийжээ. Зэвсгийн их биеийг огт засаж хөндөөгүй ба харин баруун ирмэгийг ялимгүй засаж дээд ирмэгийг нэг талаас нь цохих аргаар ихэд нямбай жигд ирлэсэн байна.
  • Жижиг гилбэр маягийн бичил мэс зэвсэг. 4.1х5.6х1.1см хэмжээтэй, зэвсгийг хоёр талаас нь цохих аргаар засаж жигд айзамтай долгио ир гаргасан нь Ярх уулын орчмоос олдсон гилбэр маягийн зэвсэгтэй адил, төстэй боловч хэмжээгээрээ арай жижиг юм.
  • Гурвалжин хэлбэрийн залтас. Ирлэж хийсэн, юмыг огтлох, хусах, мод үзүүрлэх зэрэг зориулалттай байж болох 5.6х9.2х1см хэмжээтэй зэвсэг. Түүний хажуугийн дугуйдуу ирмэгийг нэг талаас нь цохиж ирлэжээ.
  • 4.5х8.5х1.8см хэмжээтэй ирлэсэн залтас. Хажуу ирмэгийг нь энд тэнд цохиж хайнгадуу ирлэжээ.
  • Хажуу ирмэгийнх нь бараг хагасыг цохиж ир гаргасан 6.4х4х0.9см хэмжээтэй залтас.

Оцон мааньтаас олдсон дугуйдуу хэлбэрийн үлдэц, гонзгойдуу үлдцүүд нь их эртний шинжтэй бөгөөд тийм хэлбэрийн үлдэц Европ, Өмнөд Ази, Африкт дундад палеолитын үед элбэг тохиолддог ажээ. Гонзгойдуу ялтасаас маш нямбай зөөлөн цохилтоор товгор артай тэгш ирмэгтэй урт зууван гурвалжин ялтас цуулж авдаг байсан байна. Ташуу цохих талбайтай ийм урт, өргөн ялтас Оцон Мааньтын чулуун зэвсэг олдсон зургаан хэсэн газар тус бүрээс олджээ. Дээр дурьдсан үлдэц, ялтас нь Европ, Африкт ашелийн үед үүсэж, мустьегийн үед хөгжлийнхөө дээд цэгт хүрсэн леваллуагийн чулуун зэвсэг хийдэг аргатай нэгэн ижил арга барилаар хийгдсэн байна.