Орхон YII палеолитын суурин

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дахь “Орхон YII палеолитын дарханы газар” нь Монголын төдийгүй Төв Азийн палеолитын үеийн түүхэнд хамаарах чухал дурсгал юм. Хархорин сумын төвөөс баруун тийш Орхон гол руу хойноос түрж тогтсон огцом өндөр “Ухны гацаа”,  түүний баруун талд орших голын дэнж, дээш өгссөн налуу газрыг судлаачид 1986 онд 5х10м талбайтай гурван хэсэг болгон малтлага хийжээ.

Малтлагын үр дүнд “Орхон YII дарханы газар” нь геологийн биеэ даасан онцлог бүхий 11 давхаргатай болохыг тогтоожээ. Мөн эдгээр давхаргуудын насыг орчин үеийн лабораторийн шинжилгээний тусламжтайгаар тогтоожээ. Орхон YII судалгаанд нийт 150 кв.м малтлага хийжээ. Археологийн соёлт давхаргаас гарсан чулуун зэвсгийн дурсгалыг судлаачид хэлбэр төрхийн хувьд үндсэн хоёр том хэсэгт ангилан үзсэн.

Эндэхийн хамгийн эртний дурсгал болох мустьегийн чулуун эдлэлийн олдвор нь  зүсэлтийн давхарга 10 буюу дэнжийн хамгийн доод суурь хэсгээс олджээ. Чулуун эдлэл үйлдвэрлэх ерөнхий аргын анхан шатны хагалалт нь том биш хайргыг хоёр янзаар ашиглаж байжээ. Нэг дэх арга нь үлдцээс богинохон бөгөөд нэлээд хүнд ялтас цуулж авдаг. Хоёр дахь арга нь гонзгой хайрган чулууны үзүүрийн нарийн талаас цохиж үлдцийн урттай тэнцэх урт ялтас хагалж авдаг байжээ. Олон талт иржгэр ухам иртэй зэвсэг, ухам иртэй болон бусад төрлийн хусуурууд зэрэг чулуун зэвсэг олдсон боловч тогтсон нэг хэлбэр маягийн зэвсгүүд олдоогүй. Иймэрхүү зэвсэг үүсэж бий болсон он цаг нь мустьегийн дунд үе буюу 60000 жилийн тэртээ холбогддог.

Давхарга 9 ба 8-аас (дэнжийн ёроолын тогтцыг бүрхэж хучсан тогтцоос) леваллуа маягийн уламжлалт чулуун зэвсгүүд олдсон. Ялтас цуулж авдаг үлдцүүд нь нэг болон хоёр цохих талбайтай, зууван хэлбэрийн үлдцүүд байв. Эндээс мөн хусуурууд, ирлэсэн ялтас зэрэг төрөл бүрийн чулуун зэвсгүүд олджээ. Тэдгээр олдсон ялтас цуулах үлдэц, хусуур, бичил хусуур, зүсүүр зэрэг нь чулуун зэвсэг үйлдвэрлэлийн гол үндсийг тодорхойлжээ. Азийн палеолитын үеийн чулуун зэвсэг үйлдвэрлэлийн байр суурийг тодорхойлох оролдлого хийснээр, дээд палеолитын эхэн үе буюу 40-30 мянган жилийн өмнө үүссэн дурсгалуудын хүрээнд бүрэн багтаж байгааг, мөн леваллуагийн арга барилаар тодорхойлогдоно гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хэмээн судлаачид үзжээ.

"Орхон YII дарханы газар” дахь тогтоцын эртний ургамлын тоосонцорт хийсэн шинжилгээний үр дүнд тэр үед одоогийнхоос илүү зөөлөн, чийглэг, эх газрын эрс тэс биш уур амьсгалтай байсан бөгөөд голын сав, хээр талаар янз бүрийн заалт ургамалтай, хөндий хоолойд өргөн навчтай ой байсныг тогтоожээ. “Орхон YII дарханы газар” нь түүхийн урт хугацааны үеийг төлөөлж чадахын зэрэгцээ, түүнтэй эн зэрэгцэхүйц чулуун зэвсгийн олдвор бүхий суурин, тэр үеийн олон соёлт давхаргыг илэрхийлэх газар хөрш зэргэлдээ нутгаас ч одоогоор олдоогүй байна.

“Орхон YII дарханы газар” дахь археологи-геологийн зүсэлт нь Монгол, Төв Ази төдийгүй Өмнөд Сибирь, Алс Дорнод, Умард Хятадын мөн үеийн дурсгалтай харьцуулан судлах, чулуун зэвсгийн дурсгалуудын насыг жишиж тогтооход харьцуулах чухал дурсгал болж буйд тухайн дурсгалын эрдэм шинжилгээний онцгой ач холбогдол оршино.