Өглөгчийн хэрэм

Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс баруун урагш 45 километр, Баянгол Өглөгчийн голын бэлчирээс 8-10 километр зайд Дайчин уул хэмээх нарс, шинэсэн ойтой уулын аманд байдаг. Дан чулууг нямбайлан өрж уул түшүүлэн барьсан хэрмийг Өглөгчийн хэрэм гэдэг. Ханын өндөр 2.5-3 метр, зузаан нь 2.5 метр. Ойролцоогоор 3 километр урт үргэлжилдэг бөгөөд өмнө талдаа хоёр хаалгатай байсан болов уу гэхээр оромтой. Хэрмийн дотор талд жижиг шороон далангийн үлдцүүд байдаг. Гэвч зарим хэсгийг газрын хөрснөөс ялгаж харахад бэрхтэй болжээ. Өглөгчийн хэрэмд байшин барилга байсан шинж байхгүй бөгөөд дотор талын хэрмэнд тулган хийсэн шороон дэвсэг нь XII-XIY зууны үеийн нум сумчдын зогсох тавцан байсан болов уу гэж үздэг.