Тамчийн хавцал

Баянхонгор аймгийн төвөөс 90 км, Эрдэнэцогт сумаас 62 км зайд эртний их хагарал галт уулын хүрмэн чулууг уулын голын ус зүссэнээс үүссэн маш сүрлэг гүн Тамчийн хавцал оршдог. Энэ хавцлын өндөр 380 метр хүрэх тул өвлийн улиралд ёроолд нар үл тусна. Мөн Гивэн, Халиут гэсэн хоёрхон замаар ердийн хөсгөөр нэвтрэхээс өөр гарцгүй. Хүрмэн чулуу, хад асга бүхий хажуу хана дагаж хар мод ургадаг. Хавцлын дундуур боргилон хөөсрөн урсах голын сав дагуу бургас, улиас, сонгино, хад, тошлой, нохойн хошуу, алтан гагнуур, биелэг өвс зэрэг эмийн өвс ургамал ургадаг.