Улаан тайга - Дархан цаазат газар

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын хойд хэсэгт улсын хил хүртэл үргэлжлэх ой хөвч, хад асгатай өндөр уулс, нуруудыг “Улаан тайга” гэж нэрлэдэг. Улаан тайгын бүс нутаг нь Хөвсгөл нуурын баруун хэсгийн хөвч тайгын экосистемийн гол төлөөлөл, эртний мөстлөгийн том төвүүдийн нэг, цэвэр усны томоохон нөөц бүхий өндөр уулын экосистемийн зүй тогтол, хувьсал өөрчлөлт, харилцан уялдаа холбоог судлах мөн устахын ирмэгт ирсэн ховор ба ховордсон амьтан, ургамлын цөөрч буй шалтгааныг тогтоох, тэдгээрийн тархалт, өсөлт, үржлийн орчин нөхцөлийг хамгаалах зорилгоор 2003 онд УИХ-ын 30 дугаар тогтоолоор “Байгалийн цогцолборт газар” ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан. Улмаар 2011 онд УИХ-ын 18 дугаар тогтоолын дагуу тус байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрийг өргөтгөж хамгаалалтын зэрэглэлийг ахиулан 434900 га газрыг “Дархан цаазат газар” ангилалд оруулан тусгай хамгаалалтанд авсан.

Газар зүйн онцлог: Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Баянзүрх сумдын нутгийг хамардаг. Улаан Тайгын ДЦГ нь Хөвсгөлийн бүсийн баруун захад орших бөгөөд Хөг гол дагуух өндөр уул нурууд, голуудын хөндий хосолсон нутгийг хамардаг. Уртрагийн дагуу сунаж тогтсон ян сарьдаг бүхий өндөр сүрлэг гурван нурууд орших ба эдгээрийг нийтэд нь Улаан тайгын нуруу гэнэ. Улаан тайгын нурууны уулын системд Дунд Тайгас, Доод Тайгас, Бэлчир уул, Ногоон тайга, Донголууд, Онголог, Лам тайга зэрэг д.т.д 2400-3300 метр өргөгдсөн уулс оршино. Тухайлбал, Лам тайга д.т.д 2659 метр, Улаан тайга д.т.д 3059м, Бошдог д.т.д 3009м, Дээд тайга д.т.д 3222м, Ивтэйн уул д.т.д 2750м өндөр юм. Хөвсгөлийн мужийн баруун хэсгийн эртний мөстлөгүүдийн цөмийн нэг төдийгүй дэлхийн цэвэр усны нөөцийг агуулсан Енисейн мөрөн, Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны эх булаг болдог онцлогтой юм. Улаан тайгаас Дэлгэр мөрөн, Бус, Хөг, Мунгараг, Гуна гэсэн 5 томоохон гол эх авч, 300 орчим нуур тойром сүлжилдэн дэлхийн 10 том мөрний нэг Енисей мөрнийг үүсгэдэг.

Геологийн тогтоц: Нутаг дэвсгэрийн хэмжээнд геоморфолог, геологи, олон жилийн цэвдэг зэрэг орчин зүйн тухайлсан судалгаа хийгдээгүй байна.

Ландшафт: Уулын цэвдэгт тайгын хөрстэй шинэс-хушин тайгын ландшафт нь Арсай, Бэлтэсийн голын эх орчмоор хэсэг хэсэг талбайд тархах ба ойд хуш, заримдаа цөөн тооны гацуур оролцсон шинэс голлоно. Ойн бүсийн доод захаар бэлийн хэвгий багасах тутам шинэсэн ой сийрэг болж ой доторхи бутлаг, өвслөг ургамлын хувь нэмэгдэнэ. Бутлаг ургамал ойн зах, нуга хоёрын заагаар голлож ургана. Голуудын татам дагуу үргэлжлэх намгархаг, мараалаг хээржүү хувилбарууд хосолсон нугын ландшафт нь голуудын хөндийн дунд, дээд хэсэгт тархана. Энд хур тунадас харьцангуй их унадаг, гүний усны түвшний гадарга газрын хөрсөнд ойр оршдог онцлогтой. Тийм учраас энэ хэв шинжийн ландшафт гол горхи ихтэйгээс гадна намаг их тогтоно.

Хөрс: Хөрс газарзүйн мужлалаар Хангайн их мужийн Хөвсгөлийн мужийн Хөвсгөлийн баруун тойрогт хамаарна. Уулын хормойгоос уулын орой хүртэл хөрсний хэд хэдэн босоо бүслүүр илэрдэг боловч уулын ар, өвөр хажуугийн хөрс өөр хоорондоо адилгүй байдаг. Тухайлбал, ихэнх уулсын ар хажууд доороос дээш уулын тайгын ердийн ширэгт, уулын тайгын цэвдэгт, уулын тундрын хүлрэнцэр глейт, уулын тундрын ширэгт хөрс тогтворжсон байдаг бол өвөр хажууд дээрээс доош уулын тундрын ширэгт, уулын нугын ялзмагт хөрс, уулын тайгын ердийн ширэгт, уулын ойн бараан, уулын хээрийн нугат хар шороон хөрс тус тус тархсан. Мөн уулын нугын ба уулын нугын хүлрэнцэр - ялзмагт хөрс тархсан байна. Уулсын ян сарьдагт оройгоор хөрсөн бүрхэвч маш муу тогтсон байх ба ихэвчлэн хаг, хөвд, чулуун асгаргатай байдаг. Уулс хоорондын нарийн ам хөндий, хавцлын ёроолоор нугат намгийн, намгийн цэвдэгт хөрс зонхилно. Хөрсөн бүрхэвчийн гол онцлог нь үлдмэл карбонатлаг шинжтэй хөрс нэн түгээмэл тархсанд оршино. Энэ нь уулс шохойн чулуу, гантиг, доломит чулуулгаас тогтсонтой холбоотой. Уур амьсгал, температур, чийгшилтийн нөхцөл нь олон жилийн цэвдэг тогтвортой оршиж хөрс үүсвэрийн үйл явцад цэвдэгийн үзэгдэл байнга нөлөөлөх боломжийг бүрдүүлдэг. Хөрсний улирлын гэсэлт ба хөлдөлт нь шавранцар хөрсөнд 1.8м гүн, элсэрхэг хөрсөнд 3.5м-ээс үл хэтрэх бөгөөд жилийн ихэнх хугацаанд хөрсний үе давхаргын хагасаас илүү нь хөлдүү байдаг.

Ойн сан: Ургамал-газарзүйн мужлалтаар Алтай Соёны мужийн Хөвсгөлийн тойрогт багтдаг. Хөвсгөлийн тойрог нь баруун Хөвсгөлийн уулын таг, ой тайгын, зүүн Хөвсгөлийн ойн бүслүүр гэсэн 2 дэд тойргоос бүрдэнэ. Ийм учраас Хорьдол Сарьдагийн ДЦГ-ын ургамалжилт нь баруун Хөвсгөлийн уулын таг, тайгын шинжийг илэрхийлнэ. Дархан газрын 56168 га талбай ойгоор бүрхэгдсэн. Цармын ой тайга, тайгажуу ой тархсан. Цармын ойг торлогт, хиагт, хаг - ногоон хөвдөт хушин ой зонхилон бүрдүүлнэ. Эдгээр ой д.т.д 1900-2100 м өндөрт тайгын цэвдэгт хүлэрлэг, ялзмагт хөрсөнд ургадаг. Ойд сибирь шинэс зонхилох ба уулсын ар хажуу, хунх дагаж ургадаг. Харин Дархадын хотгорын зүүн урд хэсэгт тэгш газрын гацууран ой бий. ДЦГ-ын нутаг дэвсгэрийн хэмжээнд ойн бүтэц, бүрэлдэхүүн, ой-ургамалжилт, орчинзүйн тухайлсан судалгаа хийгдээгүй.

Хөвсгөл орчны уулт тайгын мужид хамрагдах бөгөөд өндөр уулын ойн ургамлын хэв шинжүүд зонхилон тархсан. Өндөр уулсын ургамалд хөвдөт, хаг-xөвдөт, бушилз-улалжит өндөр уулын тундрын бүлгэмдэл голлодог. Хурган мэхээр, ямаан арц, сөөгөн боролзгоно, альпын сонгино дагалдан ургана. Тайгын хэв шинжид дан шинэсэн, шинэс хушин тайга голлож нарс, гацуур маш ховор үзэгдэнэ. Ой мод маш шигүү ургах тул бутлаг ургамал цөөн. Энд ямаан арц, суусар, тэрэлж, далан хальс, нохойн хошуу дайралдахаас гадна хаг, хөвд түгээмэл байна. Голуудын хөндийн татам дагуу бургас, улиангар голлосон мод бутат шугуй нэн элбэг бөгөөд голын эх өөд шинэс элбэгшдэг.

Ойн хэв шинжид шинэсэн ой зонхилно. Мөн жодоо мод Жошим, Хэлтэг, Түлэгтаг, Өртөн хярх, Жамс, Жолог зэрэг газруудад ургадаг. Ойн доод хил нь 1500-1600м, дээд хил нь 2200м өндөрт байх ба түүнээс дээш 2400м хүртэл цармын тармаг ой үргэлжилнэ. Тэдгээрийн ургамлан нөмрөгт тэрэлжээс гадна Salix reticulata, Bergenia crassifolia, legum palustre, Vaccinium uliginogum, V.Vitisidaea, Empetrum nigrum зэрэг жинхэнэ тайгын гол төлөв ховор элементүүд ихээхэн шигүү ургах учраас өвслөг, бутлаг ургамлан бүрхэц төдийлөн их биш юм.

Ургамал: Тус районд уулын тундрын, ойн, уулын нугын зэрэг ургамалжилтын хэд хэдэн хэв шинж зонхилно. Өндөр уулын тундр түгээмэл тархдаг бөгөөд сөөгөнцөрт (salix bеrbеrhalid, Dryas oxyodonta) сөөгөн ширэнгэтэй хааяа ээлжилсэн хог бушилз, улалж бушилзат (kobresia sibiric , K.bellardii ), хөвдөт, хагт, хаг-Хөвдөт (cebraria, cladonia alpestris, С.rongiferina, Aulаcоmnium - ийн төрлийн зүйлүүд) бүлгэмдэл зонхилох ба энэ нь Зүүн Саяны салбар уул, Тэнгисийн эх болон Бяран, Гүштэг, Хуулаг, Дээд тайгас зэрэг ил сарьдаг бүхий өндөр уулсын дээд биеэр өргөн дэлгэр тохиолдоно. Тундрын ургамлан нөмрөгт ховор, нэн ховор ургамал болох Rhododendron parvifoluim, Rh.adamsii, Betula humilis, Salix nummilaria зэрэг сөөг зонхилогчдын бүрэлдэхүүнд орж ургахаас гадна өвслөг бүрхэвчинд Carex bigelowii, C.stenocapra, C.melanontha, Kobresia bellardii гэx мэт улалж, бушилз, зонхилогчдын нэлээд нь ховор ургамал юм. Мөн Hedysarum ѕаjanicum, Astragalus chubѕugulicus зэрэг унаган ховор ургамал элбэг ургана.

Хөхтөн амьтан: Хөвсгөл орчимд нийт 68 зүйлийн хөхтөн бүртгэгдсэн байдаг. Үүнээс шавьж идэштэн 10, туулай хэлбэртэн 5, мэрэгчтэн 21, мах идэштэн 18, туруутан 8 зүйл бүртгэгдсэн. Нэн ховор, ховор амьтад болох хүрэн байвгай, ойн булга, нохой зээх, баданга хүдэр, халиун буга, бор гөрөөс, бараан хандгай, зэрлэг гахай, алтайн чачуулан, үен, дагуур огодой, тарвага, бор туулай, хэргэлзий оготно, өндөр уулын янгир ямаа, суусар, булга, тайгын огодой зэрэг амьтад амьдрахаас гадна гол мөрөн, нуур усны сүлжээ нягт учраас гадаргын усны болон чийглэг орчны хөхтөн амьтны зүйл болох голын халиу, усны булга, усч гэрэлзгэнэ зэрэг амьтад бас бий. Нэн ховор амьтад ойн буган цаа (Rangifer tarandus), молцог хандгай (Alces alces), баданга хүдэр (Moschus moschiferus), голын халиу (Lutra lutra), Алтайн чачуулин (Talpa altaica), ховор амьтад аргаль хонь (Ovis ammon), янгир ямаа (Capra sibirica), халиун буга (Cervus elaphus), хүрэн баавгай (Ursus arctoc), ойн булга (Martes zibellina), алтайн хойлог (Tebraogallus altaicus), цагаан сүүлт бүргэд (Haliacetus аllіcіlla), явлаг сар (Pandion haliaetus), Тул загас (Hucho taimen), Дархадын цагаан загас зэрэг нэн ховор болон ховор амьтан тархан амьдардаг.

Шувуу: Тус бүс нутагт 16 багийн 46 овгийн 263 зүйл шувуу бүртгэгдсэн бөгөөд эдгээрээс 45 зүйл суурин, 163 зүйл нүүдэллэн ирж өндөглөдөг, 30 зүйл нүүдлийн хугацаандаа дайран өнгөрдөг.

Шавьж: Тусгай хамгаалалттай газруудад сээр нуруугүйтэн амьтдын зүйлийн бүрэлдэхүүний хувьд тодорхойгүй бөгөөд зарим судалгаагаар 350 орчим зүйлийн сээр нуруугүйтэн бүртгэгдсэн мэдээ бий.

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах