Ноён, хатан, хүү, бэрийн чулуу

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын захад Дарь овооны зүүн хаяанд Ноён, хатан, хүү, бэр нэртэй дөрвөн хүн чулуун хөшөө бий. Энэхүү дөрвөн чулууг хоорондоо өөр төрлийн, өнгө зүс ялгаатай чулуугаар харилцан адилгүй ур чадвар гарган хийсэн боловч ерөнхий байдал, өмсгөн дүрсэлсэн хувцас эд хэрэглэлээр нь нэгэн цаг үед хамаарах соёлын дурсгал болохыг тогтоожээ. Ард түмний дунд Бэр хөшөө хэмээн нэрлэгдэж ирсэн хүн чулууг ШУА-ын Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндорж судлан эрэгтэй хүний баримал  байна гэж тогтоожээ. Нутгийн ардууд ахуй амьдралдаа ойртуулах замаар домоглон Бэр хөшөө хэмээн нэрийддэг байсан байх хэмээн тайлбарлажээ. Түрэгийн үед хамаарах хувцас хэрэглэл бүхийгээр дүрслэгдсэн хүн чулуунууд буруу энгэртэй байдаг бол Монголын түүхэнд холбоотой хүн чулуунуудын дээл хувцасны энгэр нь зөв байдгаараа ялгарна.