Моюнчурын гэрэлт хөшөө

Булган аймгийн Сайхан сумын нутагт Хиргистийн хөндий гэдэг газарт байдаг. Уйгар улсын түүх соёлын хосгүй дурсгал бөгөөд Түрэг бичээсээр бичигдсэн байдаг. Өндөр нь 3.8 метр. Уг хөшөө нь анх мэлхий чулуун суурин дээр байсан боловч сууринаасаа унажээ. Унахдаа голоороо хугарсан байна. Нийт 44 мөр бүхий бичээстэй бөгөөд нэг мөрөнд 150 орчим үсэгтэй. Нийтдээ 6750 орчим үсэг зурлага байдгаас 1750 орчим нь баларч бүдгэрчээ. Уг хөшөөг Уйгарын анхны хаан Пейлогийн хүү, Уйгарын хоёр дахь хаан Моюнчур босгуулжээ. Моюнчур  747-759 оны хооронд хаан ширээнд суусан бөгөөд амьд сэрүүндээ энэхүү хөшөөг бүтээлгэж 744-750 оны хоорондох Уйгарын түүхийг бичүүлжээ.
 
 
МОЮНЧУР хаан: 714 оны үед Тан улсын Хэси мужийн хил орчимд төрсөн бөгөөд эрэлхэг хаан хэмээн тэмдэглэгджээ. Уйгарчууд 693-727 онд Хэсигийн хогил хавиар нутаглаж байжээ. Уйгарын Пэйло хаан гэнэт үхсэний дараа Уйгарт өрнөсөн төрийн хямралыг дарж чадсан Моюнчур (Моянчар, Мояньчжо, Баянчор гэх мэтээр тэмдэглэсэн) 756 онд согд гаралтай Ань Лушаний бослогыг дарж өгөхийг зөвшөөрч Тан улсад ууган хүүгээ 4 мянган цэргийн хамт илгээсэн байдаг. Моюнчур хааны үед Уйгар улсад хэд хэдэн хот балгадыг барьж байгуулсан. 750 онд Танну Урианхайн нутагт цөмөрч хил хязгаар тогтоож Касар Кордоныг барьжээ. 751 онд Йаваш, Токуш голын бэлчирт хэрэм хот байгуулах зарлиг буулгаж Балиглиг (Ордубалиг, Харбалгас) хот болно. Мөн Сэлэнгэ мөрний хөвөөнд Байбалиг хот бариулсан билээ. Уйгарын Яглакар овог 742 оны эхний хагаст Моюнчур цэргээ удирдан Озмыш тегинийг довтолж, дараа нь Хэйрэ (МНТ-нд Сайр хээр)-ийн Үч Бирку (МНТ-нд Бүрги эрэг, Бүрхийн гол)-д нэр үл мэдэгдэх нэг аймгийг өөртөө нэгтгэсэн. Дараа нь 742 оны 8 сард Каракумыг гаталж Көгэрийн Көмүр (Хэйшань) уул, Яр (Хатан голын баруун хойд салаа) голд Монголоос нүүж очоод байсан 5 мянган өрхтэй гурван тугт Түрэгтэй дайтаж ялсан. 743 онд дахин Озмишь тегинтэй 2 удаа дайтаж ялаад хатныг нь олзолжэ.  747 онд Куллиг Бойла гэнэт үхсэний дараа түүний томилсон хоёр ябгу буюу Уйгарын Моюнчур, Байркугийн Тай Билгэ тутук хоёул зэрэг хаан болжээ. Улмаар хоёр тал 749 онд таван удаа зэвсэг зөрүүлжээ. Байрку аймгийг ялж, Тай Билгэ тутукийг Тан улс руу зугтаалгасны дараа Моюнчур хаан улсдаа шинэтгэл хийж хоёр хөвгүүндээ ябгу цол олгоод Чик аймгийг дайлжээ. Түүний дараа 750 – 751 онд дахин Есөн татартай байлджээ.