Можоогийн хадны зураг

Можоогийн хадны зураг нь Монголын газар нутагт шинэ чулуун зэвсшийн үед малыг гаршуулж ирснийг нотлох түүхийн чухал дурсгал бөгөөд дэлхийд гайхагдах хэмжээнд үнэлэгддэг. Увс аймгийн Сагил сумын нутагт Цагаан голын эхэнд оршдог. Хадны зурагт аргаль, янгир, тэмээ, нохой, үхэр, хүн зэргийг дүрсэлжээ. Үхрийг нум сумаар харваж байгаа хүн, мөн хөтлөн явж буй хүнийг дүрсэлсэн бөгөөд Хойд цэнхэрийн агуйн зургийн адил үнэ цэнэтэй гэж үздэг. Можоогийн хадны нэгэн том толигор хэсэгт хэд хэдэн үхэр дүрслээд голд нь данхар том эвэртэй, гоёмсог биетэй бухыг зориуд тодоор харуулсан байдаг. Хадны дурсгалд түгээмэл тохиолдох тэмдэг болох “амьтны үржлийг бэлгэдсэн” зууван дугуй хонхорыг бухын хүйсийн харалдаа дүрсэлжээ.