Алтай таван богд - Байгалийн цогцолборт газар (Төрийн тахилгат уул)

Өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга, хээрийн экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгальтай, аргаль янгир, марал буга зэрэг хөхтөн хойлог, тас, ёл зэрэг жигүүртний байршил нутаг бөгөөд уулын спорт, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэхэд нэн тохиромжтой нутаг тул 1996 онд УИХ-ын 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан. Монгол Алтайн нурууны хамгаалалтын захиргаа нь Баян-Өлгий аймгийн Алтай хотод байрладаг бөгөөд Алтай таван богдын байгалийн цогцолбор газар, Сийлхэмийн байгалийн цогцолбор газар, Дэвэлийн арлын байгалийн нөөц газрын хамгаалалтын үйл ажиллагааг хариуцдаг. Монгол орны дээвэр буюу хамгийн өндөрт өргөгдсөн газар бол Монгол Алтайн нурууны “Алтай таван богд” уулсын Хүйтэн оргил юм. Алтай таван богд уулыг 2012 оны 8-р сарын 24-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Төрийн тахилгат уул болгожээ.

Газарзүйн онцлог: Монгол Алтайн нурууны баруун захад хойноосоо урагш сунасан байдалтайгаар, Монголын баруун захаас Говь-Алтай, Өмнөговь аймгийн нутаг дамнан 900 гаруй километр үргэлжилдэг. Хотон, Хурган, Даян, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай сав нь Монгол Алтайн нурууны уулархаг их мужийн өндөр уулын бүсэд цаст өндөр уулсаар хүрээлэгдэн оршдог. Бүхэлдээ өргөгдсөн гадаргатай уул нурууд нь хоорондоо элэгдэл, хуримтлалын хөндий, уулс хоорондын хотгоруудаар хязгаарлагдсан байдаг. Хотон, Хурган, Даян зэрэг нь мөстлөгийн гаралтай томоохон нуурууд бөгөөд тэдгээрээс гадна 250 гаруй жижиг нуурууд бий.

Монгол Алтайн нуруунд Монгол орны мөсөн голуудын 96% нь оршдог. Монголын хамгийн том мөсөн гол болох Потанины мөсөн гол нь Цагаан голын эх хавиас 20 км үргэлжлэн орших бөгөөд нийт талбай нь 24 кв.км.  Монгол Алтайн нурууны хамгийн нам цэг нь 1800 метрт орших Хурган нуур юм. Уулын хар хүрэн хөрс, нуга намгийн хөрс зонхилохоос гадна хад асгатай. Алтайн нурууны таван их оргил буюу Алтай таван богдыг нэрлэвэл,  Хүйтэн оргил 4374 метр, Найрамдал оргил 4082 метр, Малчин оргил  4037 метр, Бүргэд уул 4068 метр, Өлгий оргил 4050 метр юм. Хүйтэн оргил нь Монгол орны хамгийн өндөр цэг бөгөөд анх 1956 онд Монголын уулчид мөрөө гаргасан.

Геологийн тогтоц: Алтайн нуруу нь Монгол Алтай, Хятадын Алтай, Оросын Алтай гэсэн 3 өөр улс орны нутаг дэвсгэрт хуваагдан оршдог. Алтайн нуруу бол алс холын Энэтхэг – Евроазийн тектоник хавтангуудын коллизын улмаас эх газрын гүнд идэвхтэй өргөгдөж байгаа уулс юм. Алтай таван богдын БЦГ нь аялал жуулчлал, шинжлэх ухааны олон талт судалгааны талбарт тооцогдоно. Тэнд олон төрлийн геологийн процессууд зэрэг явагдаж байдаг бөгөөд хамгийн сонирхол татахуйц нэг үзэгдэл нь мөстлөг юм.

Дэлхийн геологийн түүхэнд 5 удаагийн том мөстлөг явагдаж, монголчуудын хэлдэгээр галав юүлж байв. Тухайлбал, неопротерозойн эриний криогений галавын үед (630-830 сая жил) дэлхийн гадаргууг бүтэн хамарсан их мөстлөг болсон. Эрдэмтэд, тэр үеийг Snow ball буюу “Цасан бөмбөгийн үе” гэж нэрлэдэг. Дэлхий дээр сүүлийн их мөстлөг хожуу плейстоцены үед (11500 жилийн тэртээ) явагдсан. Энэхүү мөстлөгийн үйл явц орчин үед дэлхийн дулааралтай холбоотойгоор эрчимтэй татарч байна. Монгол орны Алтай, Хангай, Хэнтий, Саяны нурууны мөнх цаст оргилууд бол хожуу плейстоцены их мөстлөгийн үлдэгдэл юм.

Цас их ордог, жилийн ихэнх хугацаанд агаарын хэм хүйтэн байдаг газарт мөстлөг болдог. Зуны цагт цас хайлдаггүй өндрийн доод түвшнийг цасны доод хил гэнэ. Мөсөн голууд хүндийн хүчний нөлөөгөөр хөдөлж урсдаг. Мэдээж, мөсөн голын урсгалын хурд голын урсгалын хурдтай харьцуулахад маш удаан байна. Дэлхий дээрх хамгийн хурдан мөсөн голын рекордод Гринландын Жакобшавн (Jacobshavn glacier) мөсөн гол 2012 оны туршид 17км/жилийн хурдтайгаар хөдөлж, далайд цутгасан байна. Шинэ Зеландын Fox мөсөн гол 182м/жил, Швейцарын хамгийн том мөсөн голын хурд 180м/жил байдаг бол Монголын Потанины мөсөн голын хурд өндөрлөг налуу хэсэгтээ 30м/жил, тэгш хэсэгтээ 15м/жил гэж тодорхойлогдсон.

Мөсөн голын үйл ажиллагаа нь эвдлэх, зөөх, хуримтлуулах хэлбэрээр явагдана. Мөсний эвдлэх үйл ажиллагааны үр дүнд хунх, өвөрмөц хэлбэртэй хонхорууд, U буюу тэвш хэлбэртэй хөндийнүүд үүсэж тогтдог. Мөсөн голын хурдас чулуулгийг зөөвөрлөн тээвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Мөсөн гол түүний дор орших ул чулуулгийг түрж, хөдлөх явцдаа уулын хажуутай харьцах хэсгийнхээ чулуулгийг нураан, гадаргуу дээрээ тээвэрлэдэг. Мөсөн гол хатуу шинж чанартай учир хэдэн арван тонн жинтэй чулуулгийг тээвэрлэж чадна.

Ургамал, амьтны нөөц: Энэ бүс нутагт 1200 зүйлийн ургамал бүртгэгдсэнээс 131 зүйл нь модлог, сөөглөг ургамал,  889 зүйл нь өвслөг ургамал юм. Монгол Алтайн нурууны багахан хэсэг нь армаг тармаг шинэсэн ойтой.  Монголын Улаан номонд бүртгэгдсэн ирвэс, халиу, алтайн аргаль, янгир, халиун буга бий. Нуур ус цөөрөм голуудад нь ус намгийн шувууд ихээр цугладаг. Уул хад ой модоор нь махчин шувууд болох ёл, тас, бүргэд, сар, шонхор шувууд байхаас гадна Алтайн хойлог, өгөөлэй шулганаа, борцгор хотон, гангар хун, хар өрөвтас, итэлгэн цахлай, хээрийн галуу зэрэг нэн ховор шувууд тохиолдоно. Голуудаар нь монгол хадран, алтайн сугас, нохой сугас гэдэг 3 зүйл маш элбэг байдаг. 

Түүх дурсгал: Хад чулуун дээр нь сүг зургууд, элдэв тамга тэмдэг, үсэг зурлага элбэг байдаг. Эдгээр нь 2500-3000 жилийн өмнөх түүх соёлын өв юм. Алтайн нурууны буган хөшөө нь Хангайн нурууны буган хөшөөнөөс ялгарах зүйл байдаг ба тэр нь бугын оронд адууг зурсан байдаг. Мөн адил сэлэм зурсан байх бөгөөд хөшөөний нүүрэн талын дээд өнцөгт том нар, жижиг сар, заримдаа нарыг харвасан сум сийлсэн байдаг. Тус цогцолбор газарт эртний болон Хүннү, Түрэг, Уйгар, Монголын эзэнт гүрний үед хамаарах цаг үе нь нарийн сайн тогтоогдоогүй булш бунхан их байдаг. Могойт, Онхотын хөндийд 30 гаруй хүн чулуутай булш бий. Хотон нуурын орчимд 2 хүн чулуутай, дүрс хэлбэр нь маш сонирхолтой булш бунхан байдаг бол Шар булаг, Ёлтын Харбайн салаа, Чихэртэй, Жаланаш, Сонгинотын орчимд хүн чулуу бүхий булшнууд байдаг. Казак, Тува үндэстний өлгий нутаг учраас тэдгээрийн ахуй амьдрал, зан заншил, амьдрах арга барилтай танилцуулах зорилгоор аяллын хөтөлбөрийг баяжуулах бүрэн боломжтой. Тус бүс нутагт уулын спортын аяллыг түлхүү хөгжүүлсээр иржээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах