Культегины бичээс

Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутагт Өгий нуураас баруун урагш 36 км, Хархориноос хойш 47 км зайд Хөгшин Орхон голын зүүн эрэг, Цайдам нуурын баруун өмнө оршдог. Эл дурсгал нь Хөшөө Цайдамын дурсгал, Орхоны хөндийн дурсгал, Культегины бичээс, Билгэ хааны дурсгал гэх мэтээр нэрлэгдэн 100 гаруй жилийн турш судлагдсаар иржээ. 1958 онд Монгол-Чехословакийн хамтарсан судалгааны баг бүхэлд нь малтан судалсан байна.

Билгэ хаан ба түүний дүү Культегин гэж хэн бэ. 716 он буюу хожуу үеийн Түрэг улсын Капаган хаан Туулын хөвөөн дэх ордондоо босогчдод алагдахад түүнийг 698 онд “Тардушын шад” цол зүүсэн Элтерэс хааны ууган хүү Билгэ залган авах ёстой байв. Гэвч Капаган хааны шадар туслагчид түүний Бегю нэрт хүүг хаан ор суулгажээ. Ийнхүү хууль ёс зөрчсөнд Билгэ хааны дүү Культегин орд өргөөг дайрч Бегю хааныг алж өөрийн ах Билгэг хаан ширээнд залж, өөрөө зүүн жигүүрийн ноён, бүх цэргийн жанжин болжээ.

Элтерэс хааны хүү Билгэ бол Түрэг улсын сүүлчийн хаан бөгөөд 19 жил улсаа удирдсан юм. Түүний дүү Культегин 684 онд төрсөн ба ухаалаг, авъяаслаг цэргийн жанжин байгаад 731 онд 47 насандаа таалал төгсчээ. Билгэ хаан дүүгийнхээ дурсгалд зориулан тахилын цогцолбор, шүтээний сүмийг 732 оны 8 дугаар сарын 1-нд босгуулжээ. Цогцолборын урт 67 метр, өргөн 29 метр, 1 метр зузаан тоосгон хэрэмтэй, түүний гадуур шуудуугаар хүрээлэгдсэн, хэрмийн доторхи сул зайг бүхэлд нь 32х32х6 см хэмжээтэй тоосгоор бүрсэн байжээ.

Билгэ хаан эцгийнх нь байгуулсан төр улс мөхлийн ирмэгт тулаад байсан хүнд цаг үед хаан ор суусан ба харъяанд нь байсан аймгууд бослого гарган тэмцэж, Түрэгийн үндсэн аймгууд ч үймээн хямралд орсон байв. Билгэ хаан энэ бүх байдлаас бэрхшээж хаан ширээнд дүү Культегинийг суулгахыг санал болгосон ч тэрбээр хаан ор залгах уламжлалт ёсыг зөрчихийг хүссэнгүй. Культегины тушаалаар өмнөх Капаган хааны ураг төрлийнхөн, түүний ойр шадар хүмүүсийг албан тушаалаас нь буулган устгажээ. Эдний дундаас ганцхан Тоньюкук зөвлөхийг үлдээсэн бөгөөд Тоньюкук Билгэ хааны хадам эцэг байснаас гадна ард нийтээр түүнийг хүндэтгэн эмээдэг байсныг харгалзсан ба хэсэг хугацааны дараа түүнийг төрийн зөвлөх болгожээ. Ийнхүү ах дүү хоёр бослого үймээнийг дарж, мэргэн зөвлөх Тоньюкуктай хүч хавсран  улсыг амаржуулан их хэргийг бүтээжээ.

Культегины бичээс: Цогцолборын голд наран ургах зүгт харуулан Культегины гэрэлт хөшөөг байрлуулсан бөгөөд мэлхий чулуун суурийн хамт өндөр нь 383 см, өргөн нь 132 см, зузаан нь 46 см юм. Хөшөөний дээд хэсэгт эвхэрсэн хоёр лууг чимэглэж, бичээсийг голлуулан Ашина овгийн тамга болох янгирын дүрс,  гурван талд нь нийт 68 мөрөнд 10 мянган үсэг зурлага бүхий руни бичээсийг сийлжээ. Судлаачид 1-13 дугаар мөрийг бага бичээс, 14-68 дугаар мөрийг их бичээс гэж нэрлэдэг. Эл бичээсийг Культегины ач хүү Йолуг Тегин 20 хоног сийлж, Түрэг төрт улсаа хэрхэн байгуулсан, Культегин 16 настайгаасаа улсын хэрэгт оролцож ямар овог аймаг, улс орныг байлдан эзэлсэн, хэрхэн тулалдсан, ямар зүсмийн морьд унадаг байсан, өдөр шөнийг үл хайхран улсынхаа төлөө хэрхэн зүтгэж,  ядуусыг баян, өнчнийг өнөр болгож, тойгтныг сөхрүүлж, толгойтныг бөхийлгөн хаан төрийг байгуулалцаж, наран ургах зүгээс наран шингэх зүг хүртэлх өргөн уудам газар нутгийг захиран дээд тэнгэрээс дарах аюулгүй, доод газраас цөмрөх айдасгүй амар жимэр болгон хүчирхэг улсыг байгуулсан тухай, Культегинийг оршуулах үед ах Билгэ яаж эмгэнэн гашуудаж байсан тухай, түүний оршуулгын ёслолд гадаадаас ирж оролцсон зочдыг хүртэл дурдан өгүүлжээ. Хөшөөний мэлхий чулуун сууринд мөн адил түрэг бичээс байх бөгөөд 1979 онд Б.Базылхан судалсан боловч зарим бичээс маш бүдгэрсэн тул бүрэн тайлж чадаагүй байна.

Культегины бичээсийн сургамжтай хэсгүүд:  “...Түрэг хүмүүсийн хагас нь баруунаа ... Түни талд суурьшия гэхэд зарим муу хүн “... хол сууваас табгач иргэд муу эд өгнө, ойр сууваас сайн эд өгнө” хэмээн сургаж байв. ... Билэггүй (мулгуу, ухвар мөчид) хүмүүс Табгач улсад ойр очин Түрэгийн олон овог аймаг сөнөв ...” гэсэн байдаг.  Уран үг, зөөлөн торгоороо холын улсыг хууран ойртуулж муу занд сургадаг табгачуудын башир аргаас болж дахин Табгач улсад эзлэгдсэн биз ээ!

“... Өтүкений газар сууж (Табгач улс руу) аян жингээ илгээж (алба гувчуураа авч) байвал (аяа, түрэг хүн чамд) ямар ч зовлон үгүй. Өтүкений хөвчид байх аваас улсаа мөнхөд захирч сууна чи” гэж сургамжилсан байдаг. Энэ санаагаа улам тод томруун болгохын үүднээс “..Аяа түрэг түмэн цатгалан ... (Табгач улс руу) үнэндээ өлсгөлөн (зовлон) мэдэхгүй ... тийм л байдаг учир түрэг аймгийнхныг нэгтгэн төвхнүүлэв. ... Тэр цагт манай боолууд (өөсвээн) боолтой, манай шивэгчингүүд (өөсвээн) шивэгчинтэй байв ...” гэж дурдсан байдаг.

“...Түрэг овог аймгуудыг нэгтгэн төр улсаа хэрхэн захирсныг би энд сийлүүлэн бичүүлэв. Та нарын зарим нь дахин төөрөлдөн сарниузай гэж дахин сануулан энд сийлүүлэв ... Үүнийг үзээд мэдэгтүн!” гэж өгүүлсэн байдаг. Бичээсийн төгсгөлд “Бо битиг битигме атысы йоллыг тигин” гэж байдаг нь “энэ бичгийг бичигч нь (Куль-тегиний) ач Йоллыг-тегин” гэсэн утга юм.

Билгэ хааны онгон цогцолбор: Культегин жанжны дурсгалаас урагш 1 км орчим зайд байдаг. Билгэ хаан 734 оны 11 дүгээр сарын 23-нд насан эцэслэсэн бөгөөд 735 оны 7 дугаар сарын 22-нд түүнд тахилын сүм барьж, гэрэлт хөшөөг нь босгожээ. Бичээсийг Культегины ач хүү Ёлуг Тегин 34 хоног сууж сийлсэн байна. Хөшөө нь 345см өндөр, 174см өргөн, 75см зузаан болно. 2001 онд Билгэ хааны цогцолбор дурсгалын тахилын онгоныг малтан судалсан. Тахилын том дөрвөлжин чулуу, шинээр олдсон хашлага чулуу хоёрын дундах талбайгаас нийт 17 төрлийн 1878 ширхэг мөнгөн эдлэл, 20 төрлийн 78 ширхэг алтан эдлэл, 6 төрлийн 26 ширхэн эрдэнийн чулуу зэрэг зүйлсийг олсон байна. Эдгээр олдвор нь 30см гүн, 40х80см талбайд дээр дээрээсээ зайгүй давхарлагдсан байдалтай олджээ.

Тахилын болон гоёл чимэглэлийн зориулалттай цул алт ба мөнгөөр урласан сав суулга, аяга, дийз, домбо, цом, бүсний чимэглэл, арал, бүсний унжуурга, сүлбээр, гархи, ээмэг, цагираг гэх мэт зүйлс гарч ирсэн. Хамгийн анхаарал татсан олдвор нь цул алтан титэм бөгөөд цэцгэн хээ бүхий сууринаас дээш салбарласан таван дэлбээтэй, голын дэлбээнд далавчаа дэлгэсэн махчин шувууг эгч урдаас нь дүрсэлж, хушуунд нь тунгалаг ягаан өнгийн үнэт чулууг алтан утсанд дүүжлэн зуулгасан байв. Эл титмийн төрх байдал нь 1958 оны малтлагаас олдсон Культегин жанжны чулуун хөрөгийн толгойд дүрсэлсэн өмсгөлтэй тун төстэй ажээ. Культегины титэм нь толгой ороосон таван хэсгээс бүрдэх ба өмнө талдаа далавчаа дэвсэн шувууны товгор сийлмэл дүрстэй. Эдгээрээс үзвэл Түрэгийн хаан угсааны язгууртнууд гарьд шувууны дүрс бүхий таван талт титэм өмсдөг байсан байх магадлалтай. Мөн эртний нүүдэлчдийн шүтлэгээр бол нас барсан хүний сүнс шувуу болон нисэж оддог хэмээх үзэлтэй холбоотой ажээ.

Тахилын сүмийн хаалга, тахилын ширээ зэргийг чимэглэж байсан цэцгэн дүрст алтан товруу 48, найман дэлбээт мөнгөн товруу 1822 байснаас гадна мөнгөөр ороосон бариул, зориулалт нь тодорхойгүй олон тооны мөнгөн эдлэлүүд, 304 ширхэг хүрэл хадаас зэрэг зүйлс нэг дороос гарч ирсэн байна. Судлаачдын үзэж буйгаар Түрэг мөхөх үед Уйгарын цэрэг довтолж ирэхээс өмнө амжиж хааны онгоныг хамгаалж байсан шадар хүмүүс Билгэ хааны онгоны үнэт зүйлсийг яаран цуглуулж ердөө 30см гүнзгий нэг мерт хүрэхгүй урттай нүхэнд сул асган булсан ба дайснууд довтолж тахилгын сүмийг нураах үед барилгын нурангид дарагдан үлдэж олон зууныг туулан өнөө үед хадгалагдан ирсэн ажээ.

Билгэ хаан болон Культегины эдгээр цогцолбороос шавар сав, төмрөөр хийсэн аж ахуйн болон гоёл чимэглэлийн зүйлс, вааран дээврийн хэсэг, тосгуур зэрэг 2000 орчим эд өлгийн зүйл олджээ. Вааран дээврийн хагархай дээр нүүдэлчид морин давхиан дунд харвалдаж буй дүрс байсан нь судалгааны чухал дурсгал болдог. Чулуун хашлага бүхий дөрвөлжин булшны ор олдсоныг судлаачид жинхэнэ булш биш харин эзний оршуулгыг бэлгэдэн хийсэн зан үйлийн шинжтэй гэж дүгнэжээ. Хүн хөшөөд нь тухайн үеийн хүмүүсийн дүр төрх, хувцас хэрэглэл, гоёл чимгийг бодитойгоор илэрхийлжээ.

Хөшөө Цайдамын эдгээр дурсгалууд мянга гаруй жилийн түүхэндээ ихээхэн эвдэрч гэмтсэн боловч ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” гэдэг зэрэглэлээр дэлхийн соёлын өвд 1996 онд бүртгэн авсан. Монгол улс 20.8 км.кв талбайг 1961 онд улсын хамгаалалтанд авсан түүхтэй.

Билгэ хаан болон Культегин жанжны бичээсийг анх Данийн эрдэмтэн Вилем Томсен тайлж уншсан тухайгаа 1893 оны 12 сарын 15-нд Копенгаген хотноо ШУА-ын хурал дээр зарласан байдаг. Харин эдүгээ сүүл үеийн судлаачид түүний тайлж уншсаныг нэлээд алдаатай болсон гэж үздэг.

Эдүгээ энэхүү гайхамшигт түүхэн дурсгал байсан газарт Туркийн хөрөнгө оруулалтаар музейн зориулалттай барилга барьж хашаалан дотор нь Билгэ хаан ба Культегин жанжны гэрэлт хөшөө, түүний орчинд байсан эвдэрч сүйтгэгдсэн хүн хөшөөд, бусад чулуун дурсгалыг сэргээж байрлуулсан байна. Музейн хананд тус онгон цогцолбортой холбоотой түүхийн болон судалгааны ажлуудыг өгүүлэх гэрэл зургийн үзэсгэлэнг байгуулсан байдаг. Мөн 2001 онд малтсан Билгэ хааны онгоноос олдсон зарим олдворуудыг дэлгэн үзүүлжээ. Тус музейг Хархориноос Өгий нуур явах замд үзэх боломжтой бөгөөд хураамж нь 5000 төгрөг байдаг.

Эх сурвалж: Монгол орны лавлах, Монголын түүхийн тайлбар толь