Эргэлийн зоо - Байгалийн нөөц газар

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Эргэлийн зоо нь байгалийн сонин тогтоцтой археологийн олдвор ихтэй газар бөгөөд 30 сая гаруй жилийн өмнөх шим ертөнцийн гэрч болсон эртний сүүн тэжээлтэн загас, яст мэлхий, гүрвэл зэрэг сээр нуруутны олдворыг хадгалсан хурдас чулуулгаас тогтсон ширээ хэлбэрийн тэгш өндөрлөг юм. Иймээс эртний амьтан, ургамлын ховор олдворыг байгалийн байдлаар нь хадгалах зорилгоор 1996 онд УИХ-ын 43-р тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан.

Анх 1922 онд Америкийн эрдэмтэн Рой Чэпмен Эндрюс судалж байсан газар юм. Дараа нь Оросын эрдэмтэн И.А.Ефремов, Польшийн нэрт эрдэмтэн К.Яваровская нарын удирдсан палеонтологийн судалгааны экспедицүүд ажиллаж байжээ. Эргэлийн зооны тухай дэлхийн эрдэмтдийн бичсэн 50 орчим эрдэм шинжилгээний бүтээлүүд байдаг ба тэдгээрт “Алтан уул” хэмээн нэрлэгдэж алдаршсан байна. Эргэлийн зоогоос олдсон эрт галавын олон амьтны чулуужсан яс дэлхийн болон Монголын байгалийн түүхийн музейд хадгалагдаж байдаг. Эрт дээр үеэс ард түмэн энэ нутгийг тахин шүтэж, морь уралдуулж, бөх барилддаг байсан домог яриа байдаг.

Эргэлийн зоо БНГ-т бударгана, шар мод, гашуун суль, агь, хөмөл, таана, ерхөг, тэсэг, гоёо, цулхир, хармаг, алтан харгана, хайлаас зэрэг ургамал ургадаг. Амьтны аймгийн хувьд хар сүүлт, цагаан зээр, хулан зэрэг говийн унаган амьтад,  үнэг, чоно, хярс, шилүүс, дорго зэрэг тал хээрийн хөхтөн,  ногтруу, ятуу, элээ, хэрээ, ууль, сар, тоодог зэрэг олон зүйл жигүүртэн шувуудтай нутаг юм. 

Эх сурвалж: Монгол орны лавлах