Хүйтэн голын Бичигт хад

Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн нутаг дахь Хүйтэний голын эхэнд Бичигт хошууны хадны нөмөрт буй монгол, дөрвөлжин бичгийн бичээс бүхий зосон зургуудыг анх 1981 онд судлаач Н.Сэр-Оджав, Б.Цэвээндорж, А.Очир нар идрүүлэн судалжээ. Монгол бичээс нь хятад хар бэхээр бичигдсэн байсан бөгөөд бүрэн тайлж унших боломжгүй байсан хэдий ч ерөнхий утгыг нь тоймлон гаргажээ. “Мөнх тэнгэрийн хүчинд хааны суу дор нэгэн үйл явдлыг дурсан хананд бичиж хүр /дурсгал/ болгон бэлгэдэж тахиа жилийн 9 сарын шинийн наймнаа” гэжээ.

Дэргэдэх долоон мөр бүхий бичээс нь дөрвөлжин бичгийн дурсгал бөгөөд он цагийн эрхэнд маш их баларч элэгдсэн тул утгыг нь бүрэн гаргаж чадаагүй байна. Эдгээр бичээснээс гадна зосоор зурсан нисэж буй шувуу, дөрвөлжин хүрээн дотор хүний дүрс, маллын тооллого байж болох олон цэгнүүд, богино сүүлтэй буга согоорхуу амьтад, босоо зурааснууд, гараа дэлгэж хөлөө алдалсан нүцгэн эр хүний дүрс зэргийг зурж үлдээжээ. Уг Хүйтэний голын Бичигт хадыг аймгийн тусгай хамгаалалтанд авсан байдаг.

  • Зураг 1: Зууван дөрвөлжин хашлагыг улаан ягаандуу зосоор хөвөөлөн зураад дээд талын хэсэгт нь үргэлжилсэн дүрсүүд, доод талынх нь үлдсэн зайд олон тооны дугуй толбо дүрсэлснээс 20 гаруй нь хадгалагдан үлджээ. Хашлаганы доод талд ганц дугуй хонхор, түүнээс зүүн доор том сольбоо чихтэй, богино сүүлтэй буга согоорхуу амьтан /адуу/ дүрсэлсэн байна. Тэр амьтны хойд хөлийн доор өөр нэг дүрсийг залгуулан зурсан. Түүнээс доош далавчаа дэвсэн шувууг дүрсэлж, түүний зүүн талд ганц богино босоо зураас зуржээ.
  • Зураг 2: Гараа дэлгэсэн, хөлөө алцайн зогссон эрэгтэй хүнийг том эрхтэнтэйгээр зуржээ.
  • Зураг 3: Зуувандуу дөрвөлжин хашлагыг улаан зосоор дүрслээд түүний дээд талаас доош эгнүүлэн 7 урт зураас унжуулан дүрсэлжээ. Зурааснууд уртаараа харилцан адилгүй боловч үзүүрүүд нь бүгд хашлаганы тэг дундаас доош унжжээ. Улаан зосон зурагт ийм зураг төдийлөн тохиолддоггүй тул судлаачдын сонирхлыг татдаг байна. Түүний доор гараа дэлгэсэн хүн, доод талд нь залгуулан өөр нэг дүрсийг зурсан нь нэгдүгээр хэсэгт байгаатай ижил юм.
  • Зураг 4: Гадна талаар нь хөвөөлөн дүрсэлсэн дөрвөлжин хашлаганы зөвхөн дээд хэсэг дотор нь дүрсэлсэн олон дугуй толбоноос он цагийн уртад 20 гаруй нь хадгалагдан үлдэж бусад нь балран бүдгэрчээ.